он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Гэрлийн тусгалыг өөрчилснөөр зам тээврийн осол буурна

Thu, 22 Feb 2018

 

-Энэ жил буруу талдаа жолооны хүрдтэй 100 мянга гаруй автомашины гэрлийн тусгалыг өөрчилнө-

Өнгөрсөн оноос эхлэн буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Тэгвэл уг ажлын бэлтгэл хэдийнэ хангагдаж, хэрэгжээд эхэлжээ. Энэ талаар “Автотээврийн үндэсний төв” mөрийн өмчит үйлдвэрийн газрын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зоригтой ярилцлаа.
-Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх бэлтгэл ажил өнгөрсөн онд эхэлсэн. Одоогийн байдлаар хэчнээн машины гэрлийн тусгалыг зөв болгосон бэ?
-1990 оноос хойш тээврийн хэрэгслийн жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон. Энэ нь зам тээврийн осол гарах шалтгаан ч болж байгаа. Буруу талдаа хүрдтэй автомашины гэрлийн тусгал өөдөөс ирж яваа жолоочийн нүдийг гялбуулдаг. Үүнээс болоод шөнийн цагаар осол гарах магадлал өндөр байдаг. Иймээс тээврийн хэрэгслийн ослыг бууруулах үүднээс НҮБ-аас гаргадаг 20 орчим техникийн зохицуулалтаас R112-ын хүрээнд буруу гэрлийн тусгалтай автомашины гэрлийг зөв болгох ажлыг эхлүүлсэн. Манайд мөрддөг стандартад өөрчлөлт оруулж, бүх судалгаа, туршилтыг хийж бэлэн болгосон. Шаардлагатай тоног төхөөрөмж, бэлдэц бэлэн болчихсон. Өнөөдрийн байдлаар 200 орчим тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг зөв болгоод байна.
 
-Энэ ажлыг хэзээнээс эхлэв?
-Энэ сарын 14-нөөс эхлэн орон даяар эхлүүлээд байна. Одоогийн байдлаар үзлэгт орохоор ирж байгаа машинуудыг солиод явж байна. Бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх учраас тээврийн хэрэгслийг техникийн үзлэгт хамрагдахад нь л давхар солих болно. Эхний ээлжинд “галегон” ламптай буруу талдаа жолооны хүрдтэй 100 гаруй мянган тээврийн хэрэгслийн гэрлийг солихоор төлөвлөсөн. Иргэд төлбөрөө төлчих юм бол бэлдцээ аваад өөрсдөө ч сольж болно.
 
-Гэрлийн тохиргооны бэлдцийг хаана үйлдвэрлэж, нийлүүлж байгаа вэ?
-Тендерт дотоодын “Ном хур” компани шалгарсан. Бидний боловсруулсан стандартын дагуу одоогоор 100 мянган тээврийн хэрэгслийн гэрэл өөрчлөх бэлдцийг нийлүүлсэн.
 
-Улсын хэмжээнд хэчнээн тээврийн хэрэгслийн гэрлийг солих шаардлагатай байгаа вэ?
-Улсын хэмжээнд 810 мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 600 мянга гаруй нь замын хөдөлгөөнд тогтмол оролцдог. Эдгээрээс 50.4 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй. Тэгэхээр 250 гаруй мянган автомашины гэрлийг солих шаардлагатай гэсэн үг.
 
-Гэрлийн тусгалыг солиулахад жолооч нар 1650 төгрөгийн хураамж төлөх юм уу?
-Тийм ээ. Үүнийг Автотээврийн үндэсний төвийн гэрлийг өөрчлөх тоног төхөөрөмж худалдаж авах болон инженер, техникийн ажилтнуудын цалин хөлс зэрэгт зарцуулах юм. Үүнд НӨАТ ч багтсан байгаа.
 
 
 
 ---Өнөөдрийн байдлаар “галегон” ламптай 200 орчим тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг зөв болгоод байна---
 
 
-Хилээр шинээр орж ирэх автомашины гэрлийн тусгалыг хэрхэн өөрчлөх вэ?
-Тухайн автомашиныг худалдаж авсан хүн улсын дугаар авах үед нь гэрлийн тусгалыг өөрчлөх боломжтой.
 
-Гэрлийн тусгалаа зөв болгосон автомашинд хэрхэн хяналт тавих юм бэ?
-Иргэд, жолооч нар автомашиныхаа тохиргоог хийлгэсэн талаарх мэдээллийг автомашины салхины шилэн дээр наасан тэмдэглэгээнээс мэдэх боломжтой. Нэг ёсондоо техникийн үзлэгт хамрагдсан гэх баталгаатай хамт байх юм. Тэгэхээр хяналт тавихад ч хялбар болж байна гэсэн үг.
 
---250 гаруй мянган автомашины гэрлийг солих шаардлагатай---
-Гэрлийн тусгалыг өөрчлөх ажилд улсаас хэчнээн төгрөг зарцуулж байгаа вэ?
-Автотээврийн үндэсний төвөөс нийт 229 сая төгрөг зарцуулж байна.
 
-Тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилснөөр зам тээврийн осол буурах уу?
-Монгол Улсад гарч буй нийт зам тээврийн осол ихэвчлэн шөнийн цагаар гарсан байдаг. Нийт зам тээврийн ослын 76 хувийг буруу талдаа жолооны хүрдтэй автомашин эзэлдэг гэсэн судалгааг Замын цагдаагийн албанаас гаргасан. ЗТХЯ-наас энэ жилийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил болгон зарласан. Энэ зорилтыг биелүүлэх нэг боломж нь өнөөдөр эхлүүлж буй гэрлийн тусгал өөрчлөх асуудал юм. Иймээс тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажил амжилттай хэрэгжвэл тодорхой хэмжээгээр зам тээврийн осол буурах бүрэн боломжтой.
 
-Энэ жилд багтаж гэрлийн тусгалаа зөв болгож солиулаагүй тээврийн хэрэгслүүдийг цаашид хэрхэн хамруулах вэ?
-Үлдсэн тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлэхээр болсон. Тиймээс эхний ээлжид зөвхөн “галегон” ламптай тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг солино гэж тодотгоод байгаа юм.
 
Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]
Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


250671






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.