он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


30 МИНУТЫН ҮНЭТЭЙ АМЬ БУЮУ ЦАГ ХОЖИХ ХҮСЭЛ

 

-АТҮТ-өөс хууль бус тээвэрлэлтэд хяналт тавьж байна-

Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгож зарласан билээ. Энэ хүрээнд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Үйл-чил¬гээний чанарыг сайжруулах зорилгын дор бусад холбогдох байгууллагуудтай хамтран “Хүн, тээврийн хэрэгсэл, зам, орчин” гэсэн дөрвөн элементийг цогцоор нь авч үзэн тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тодруулбал, бүсчилсэн хяналт шалгалтыг орон нутгийн замд хийж тодорхой зөрчлүүдийг илрүүлснээр зам тээврийн ослын тоо буурсан үзүүлэлт байгаа юм.
Тиймээс манай сонины сурвалжлах хэсэг АТҮТ-ийн бүсчилсэн хяналт шалгалт хийх ажлын хэсэгтэй хамт хууль бус тээвэрлэлт, хяналт шалгалтад гарч буй хүндрэл бэрхшээлийг сурвалжлахаар өнгөрсөн сарын 31-нд Дархан-Уул аймгийг зорилоо.

Цаг хожих адгуу хүсэл

Өглөөний 09:00 цаг.  Зуны дэлгэр  цаг тул  нар хэдийнэ дээр хөөрчээ. Биднийг зорьсон газарт аваачихаар төмөр хүлгийн дөрвөн дугуй чөлөө завгүй эргэлдэх бөгөөд уужим талд бэлчээсэн хараа, бодлыг хажуугаар шурхийн зөрөх суудлын тэрэг эргүүлэн авчрах аж. 

Дунджаар 10 секунд тутамд нэг автомашин зөрнө.  Нийслэлд ойр, замын ачаалал ихтэй чиглэл тул  Эрдэнэт,  Дархан, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ мөн  ОХУ  руу зорчих тээврийн хэрэгслүүд  өдөр шөнө, өвөл зунгүй холхилдон сүлжилддэг.  Зуны сар гарсан ч, хур бороо ороогүйн улмаас нарны хурц илчинд газрын хөрс ангаж, ургасан ногооны шим шавхагдан шарлаж үзэгдэнэ. Харин  зам хажуу хавирганаасаа  элэгдэн хорогдож, эмтэрч бутарсаар улам нарийсчээ. Үе үе замын голд  тулгын чинээ том  нүх тааралдах бөгөөд тэрхүү нүхийг тойрч гарахын тул эсрэг чиглэлийн урсгал руу орж,  эрсдэлтэй  алхам хийх жолооч ч тааралдаж байв. Зам нарийн, саад тотгор ихтэйг хэлэх үү аз сорьсон алхам хийхэд аюул ихтэй нь илт.  Их хотын нүргэлсэн чимээнээс холдож,  авто­машинууд зогсоо зайгүй зөрөлдөх замаар дөрвөн цаг гаруй явсны эцэст Хустайн даваанд хүрлээ. Өгсч уруудах нь дээлийн хуниасыг санагдуулах энэ газар өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд  “Каунти” маркийн автобус онхолдож, эрдэнэт хүний амь  эрсэджээ.  Тус дунд оврын автобус Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд 28 зорчигч тээвэрлэж яваад осолдсоны улмаас нэг зорчигч газар дээрээ нас барж, хоёр хүн хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Харамсалтай нь, тус автобусны хүрдийг  автомашин жолоодох эрхгүй этгээд буюу жолоодох эрхээ хасуулсан жолооч эргүүлж явжээ. Тус жолооч хууль бусаар зорчигч тээвэрлэж явсны зэрэгцээ жолоодох үнэмлэхгүй байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Үүнээс гадна өмнө нь ч Зөрчлийн тухай хуулиар торгуулж байсан нэгэн байсан аж. Тэрхүү жолооч мөн л хууль бус тээвэрлэлт хийсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.6.12-т заасны дагуу 100  мянган төгрөгөөр торгуулж байсан байх юм. Албаны хүмүүсийн ярьж буйгаар, иргэд алтнаас үнэтэй амь насаа дээсэн дөрөөн дээр тавьж, тэднийг сонгодог шалтгаан нь ердөө цаг хожих гэсэн адгуу хүсэл гэнэ.

 Хурд хэтрүүлснээс жилд 300 хүн амиа алджээ

“Өнгөрсөн оны байдлаар хурд хэтрүүлснээс  үүссэн зам тээврийн ослын улмаас 300  гаруй иргэн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон мэдээлэл бий. Зорчигчдынх нь  дунд зорьсон газартаа хурдан очих хүсэлтэй хүмүүс байдгийг ашиг хонжоо хайгчид овжиноор ашиглаж, хууль бусаар зорчигч тээвэрлэдэг. Мөн шалгалт хяналтаас тойрч зугтаж, шөнө дөлөөр явдаг  гэх мэт асуудлууд үүсдэг”  хэмээн  бидэнтэй хамт явсан АТҮТ-ийн мэргэжилтэн тайлбарлаж байв. Дээр дурьдсан осол өглөөний 06:00 цагийн үед гарснаас үзвэл тухайн жолооч мөн л шөнөөр явсан нь тодорхой харагдана. Гэвч, хууль бус тээвэрлэлт, хэн нэгний шуналын улмаас хийж бүтээх насан дээрээ явсан 20 гаруйхан настай залуу цаг бусаар эндэж, нэгэн эхийн сэтгэл сэмрэх юм гэж хэн санах билээ. Хүн хэлэхээс нааш ухаарахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй гэх үг юутай үнэн. Осол болсон газрыг орхиж цааш явсаар Дархан-Уул аймгийн АТҮТ-ийн хяналт, шалгалтын постод хүрлээ. Энэ пост нь хойд чиглэл буюу Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгууд руу зорчих тээврийн хэрэгсэлд хяналт хийх хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний дундын хяналтын цэг юм байна. Биднийг очиход, “Эрдэнэт-Улаанбаатар” чиг­лэлд зорчигч тээвэрлэх том оврын автобус тус цэгээс хөдөлж байлаа. Энэхүү хяналт шалгалтын цэг нь дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийн бүрт­гэл, техникийн бүрэн бүтэн байдлыг  хянахаас гадна  зөрчил илэрсэн тохиолдолд  газар дээр нь арилгуулах, хариуцлага тооцох арга хэмжээг авч  24 цагаар ажилладаг юм байна. Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ганзориг “Гэрээт тээв­рийн хэрэгслүүдэд GPS суурилуулсан учир аюулгүй байдлыг тогтмол хянах боломжтой” хэмээгээд бидэнтэй зөрөн  хөдлөсөн автобус  хаана явааг  зураг дээрээс зааж өгч байв. Хот хоорондын нийтийн зорчигч тээвэр нь тогтмол цагийн хуваарьтай бөгөөд графикийн дагуу мэргэшсэн жолооч  батлагдсан маршрутаар найдвартай үйлчилдэг байна. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 51 ААНБ-тай гэрээ байгуулан 71 чиглэлд 904 тээврийн хэрэгсэл, 1154 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт хийдэг ажээ. Ингэснээр замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх улмаар  хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, эд материалын хохирлыг бууруулах, хөдөл­гөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх нөхцлийг хангаж өгч байгаа гэдгийг албаныхан дурьдаж байлаа. Оюутан, сурагчдын зуны амралт эхэлсэн энэ үед  хот хоорондох замын ачаалал эрс нэмэгддэг  байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан “Оюутан тээвэр-1” нэртэй хяналтын ажлыг нэг сарын хугацаанд зохион байгуулсан гэдгээ  Дархан-Уул аймгийн Автотээврийн төвийн дарга Б.Наранбаатар онцолж бай­сан юм. Хүн эцэг эх, эх орноо л сонгож төрдөггүй ч дийлэнх  сонголт нь та бидний гарт байдаг. Идэж уух, өмсч зүүхээс авахуулаад  ажил мэргэжил, анд найз, амраг ханиа хүртэл бид өөрсдөө л сонгодог.  Автобус, такси аль эсвэл алхах уу гэдгээ  мөн л өөрөө  шийддэг. Нөгөөтэйгүүр,  30 гаруйхан минут хэмнэхийн төлөө амь насаа дээсэн дөрөөн дээр тавих уу, албан ёсны найдвартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх үү гэдэг ч мөн л бидний хийх сонголтын нэг хэлбэр ажээ. 
Монголчууд яарвал даарна гэж ярьдаг. Мөн холоос ирсэн гийчнээс  САЙН явж ирэв үү гэж асуудаг болохоос биш  ХУРДАН явж ирсэн үү хэмээн мэндэлдэггүй билээ.  Тиймээс  иргэд, зорчигчиддоо  баталгаатай, аюулгүй тээврийн хэрэгслийг сонгож үйлчлүүлэхийг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байсныг энд дурьдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Тийнхүү  явсаар түм түжигнэж, бум бужигнасан  их хот руу төмөр хүлгийн жолооч мушгин эргэж ирэхэд нар шингэсэн ч гэгээтэй байлаа.

“Монголын мэдээ” сонин

 


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


117905






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.