2026.01.15
Аминаас үнэтэй цаг хугацаа байдаггүй юм
Ингэж хэлэхийг хүсч, бусдын өмнөөс бухимдаж, басхүү сэтгэлгүй жолоочийн худал үгэнд эмзэглэх бодол ойрын хэдэн өдөр сэтгэлээс гарсангүй. Учир нь оюутан сурагчдын зуны амралт дуусаж, орон нутгаас нийслэлийг зорих замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж байгаа энэ цагт “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг Авто тээврийн үндэсний төв энэ сарын 13-наас эхлэн хэрэгжүүлж байгаа. Есдүгээр сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэх нэгдсэн арга хэмжээ орон нутгийн замд есөн цэгт хэрэгжих юм билээ. 2018 он гарсаар Монгол улсын хэмжээнд эхний 7 сарын байдлаар зам тээврийн гэмт хэрэг 772 бүртгэгдэж, хэргийн улмаас 267 хүний амь нас хохирч, 540 хүн хүнд гэмтсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-30 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр осол хэрэг амь нас нь хохирсон, гэмтсэн хүний тоо буурсан ч орон нутгийн зам болон орон нутагт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол хамгийн их тулгамдсан асуудал болсоор байна. Учир нь ослын улмаас амь нас нь хохирогсдын 75 хувь буюу 201 нь зөвхөн орон нутгийн замд бүртгэгдэхээс гадна дийлэнх хувь нь жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Замын эвдрэл гэмтлээс шалтгаалсан осол гэмтэл өдөр өнжихгүй гарч, албан ёсны зөвшөөрөлтэй нийтийн тээвэрт хүртэл итгэхэд хэцүү болсон энэ цагт Авто тээврийн салбарын ажилчид хулгайн тээвэрт хэрхэн хяналт тавьж буй, мөн хариуцлагагүй жолоочийн хайхрамжгүй алдаа хэдэн гэр бүлийн халуун нулимсаар төлөгдөж байдгийг уншигч танд сэрэмж болгон хүргэе үү хэмээж шалгалтын баг бүрэлдэхүүнтэй хамт сурвалжилга хийхээр өнгөрөгч пүрэв гарагт өглөө эртлэн нийслэлээс хөдөлсөн юм.
Харин тэр хугацаанд “Аминаас үнэтэй цаг хугацаа гэж байдаггүй юм” гэдгийг дахин дахин хэлэхийг хүссэн учраас сурвалжилгаа ийнхүү гарчиглав. АТҮТ-ийн хяналт, шалгалтын бүрэлдэхүүн энэ удаа Төв аймгийн Лүн суманд байрлах хяналтын цэгт шалгалт явууллаа. Замд ачаа өндөрлөж, татлага татсан “Зил 130” машин ард яваа машинуудад гүйцэж түрүүлэх боломж олгохгүй хэсэгтээ л урт цуваа үүсгэв. Нөгөөтэйгүүр эсрэг урсгалын замд машин тасралтгүй хөвөрч байсан учраас гүйцэж түрүүлэх боломж ч тэнд гарахгүй. Харин жолооч нар ямар нэг байдлаар дүрэм зөрчиж, урд нь орох гэж улайрах нь илт. Нэг урсгалтай замын ирмэг борооны усанд урсаж хөвөөний цагаан шороо зассан замын өргөнтэй дүйцэхүйц болж идэгджээ.
📸 Зураг
Зураг байхгүй