Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2016-04-18 00:54:55

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн тухай

1. Техникийн байдал гэж юу вэ?

Өнөөдөр манай улсад автомашин хүмүүсийн өдөр тутмын ердийн хэрэглээ болсон гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх биз ээ. Тэгвэл бидний хэрэглэж байгаа автотээврийн хэрэгсэл техникийн байдлын хувьд ямар байвал зохих вэ? гэсэн асуулт урган гарч ирнэ.

Автомашины техникийн байдал гэж түүний ашиглалтаас хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй байгаль орчин болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг үр дагавруудыг багасгахад чиглэсэн арга хэмжээ болон засвар үйлчилгээний ажлын чанар, хэрэглээний үзүүлэлтүүд зэргийг олон улсын жишгийн дагуу өөрийн орны онцлог байдалд тохируулан төрөөс тогтоосон эрх зүйн зохицуулалтын /стандартад, хууль, дүрэм, журамд заасан/ хэм хэмжээ юм.

2. Техникийн байдалд тавих төрийн хяналтын тухай.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих хяналтыг 50-иад оны сүүлээс эхлэн улсын хэмжээнд богино хугацаанд нэгдэлжүүлэх хэлбэрээр явуулж ирсэн бөгөөд авто аж ахуй бүр өдөр бүр ерөнхий үзлэгийг мэргэжлийн инженер техникийн ажилчид тогтмол хийж, өндөр шаардлага тавьж ажилладаг байсан учраас осол зөрчил болон сөрөг үр дагавар бага байжээ.

Харин манай улс зах зээлийн системд шилжиж эхлэх үед авто аж ахуй хувьчлагдаж, автомашинуудын ихэнх нь хувийн эзэмшилд очсоноор, өөрийн хөрөнгөө ямар байдалтай эзэмших нь тухайн хүний асуудал мэт болж төрөөс тавих хяналт суларч, тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 20-30 гаруй мянгаар нэмэгдэж, үүний улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчин үзүүлэх сөрөг үр дагаврууд нэмэгдсээр байна.

Түүнчлэн автомашин импортоор нийлүүлэгчид тухайн улсынхаа стандартын шаардлага хангаагүй, техникийн хяналтын үзлэгт тэнцэхгүй бүрэн бус тээврийн хэрэгслийг хямд үнээр оруулж ирсээр байгаа нь автомашины тоог механикаар өсгөсөөр байна.

Сүүлийн гурваас таван жилд автомашины тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор осол зөрчил их гарч улс нийгэмд хэмжээлшгүй хор хохирол учирсаар байна.

Тухайлбал: Жилд дунджаар улсын хэмжээнд авто ослын улмаас 360 гаруй хүн нас барж, 1200 шахам хүн гэмтсэн судалгаа байна.

Үүний нэгээхэн хэсгийг техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсоноос гарсан хохирол эзэлж байгаа.

Манай улс автотээврийн хэрэгслийн техникийн байдалд төрөөс тавих хяналтын ажлыг 1950-д оны сүүл үеэс эхлэн үзэж-тооллого хийх системээр, жилд нэг удаа хийх болж, оношлогч-инженерийн нүдэн баримжаагаар тээврийн хэрэгслийн техникийн байдлыг үзэж, тоо бүртгэл хөтлөх, татвар, даатгалд хамруулах хэлбэрээр хийж ирсэн уламжлалт аргатай байсан билээ.

Харин сүүлийн үед автомашинд шинжлэх ухаан, техникийн хамгийн дэвшилттэй ололтуудыг нэвтрүүлж, найдвартай ажиллагаатай, жолоочийн оролцоог багасгасан хийцийн өөрлөлтүүдийг нэвтрүүлж байна.

Жишээлбэл: Aвтомашины тормозны системд хамгийн найдвартай, бүх дугуйндаа жигд үйлчилгээтэй, тогтворжилт сайтай, зам, дугуй хоорондын барьцалтаас тормозны мөр үүсэхгүй /ABS/ системийг өргөн хэрэглэх боллоо.

Гэтэл манай орны нөхцөлд тормозны ийм дэвшилттэй ABS системтэй автомашиныг уламжлалт аргаар тормозыг нь тэгш хуурай 100метр зам 40 км/цаг –аас дээш худтайгаар /одоо ийм зам, талбай ч ховор болсон/ явуулан тормоз гишгүүлэн шалгахад мөр гарахгүй учир энэ хамгийн сүүлийн үеийн дэвшилттэй, найдвартай ажиллагаатай тормозны системтэй автомашиныг тормозгүй гэж дүгнэлт өгөх болоод байсан юм.

Тэгвэл олон улсад тормозны ABS системтэй автомашины тормоз шалгах тусгай тоног төхөөрөмж /тормозны стенд/-өөр шалгаж үзэхэд, тэр автомашин тормозтой үгүйг биш харин тормозны системийн тормозлох хүчний хэмжээ, тэдгээрийн хувиарлалт жигд эсэх, ямар хүчээр үйлчилж байгаа, дөрөөний сул явалт зэрэг стандартад заагдсан маш олон үзүүлэлтүүдийг ажлын болон зогсоолын тормозоор нь үнэн зөв тодорхойлж, жолоочид мэргэжлийн хувьд тайлбарлаж, зөвлөгөө өгдөг, дүгнэлт гаргадаг оношлогооны системийг өргөн нэвтрүүлсээр байна.

Иймд манай улсын Засгийн газар, Дэлхийн банк болон Нордикийн хөгжлийн сангаас хөнгөлөлттэй зээл авч “Тээвэр хөгжүүлэх” төслийн хүрээнд “Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, оношлогоо хийх төвүүд байгуулах, бүртгэлийн нэгдсэн сүлжээ бий болгох” дэд төслийг 2001-2005 онд хэрэгжүүлсэн юм.

Уг төслөөр манай орны онцлогт тохирсон, европын стандартын шаардлага хангасан, олон улсын жишигт нийцсэн, хамгийн сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 24 суурин төвийг Улаанбаатар хот болон 21 аймагт байгуулж, тэдгээрийг бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосноор жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ба эдгээр төвүүдэд өндөр мэргэжилтэй, ур чадвар сайтай инженер техникийн ажилчид үзлэг хийж, жолооч нарт мэргэжлийн зөвлөгөө өгөн ажиллаж байна.

3. Техникийн хяналтын үзлэг хийх талаар

Тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагаваруудыг багасгах зорилгоор “Автотээврийн тухай хууль”-ийн

17.1. Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техникийн ашиглалтын шаардлага хангасан байдалд жилийн турш техникийн хяналтын үзлэг хийж гэрчилгээ олгоно.

17.2. Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтанд ороогүй автотээврийн хэрэгслийг /байлдааны тусгай зориулалттайгаас бусад/ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэж заасныг үндэслэн тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих хяналтыг олон улсын жишгийн дагуу тоног төхөөрөмжөөр үзлэг хийх ажлыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Тухайлбал:

  • 1999 онд нийслэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байсан аж ахуйн нэгж байгууллагуудын жижиг, дунд, том оврын автобусыг тоног төхөөрөмжийн тусламжтайгаар үзлэг хийх ажлыг эхлүүлсэн.

  • 2000 онд нийслэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байсан бүх төрлийн автобус, суудлын таксийг тоног төхөөрөмжийн тусламжтайгаар үзлэг хийх ажлыг хийсэн.

  • 2001 онд нийслэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байсан бүх төрлийн автобус,такси болон зарим суудлын автомашинуудад үзлэг хийсэн.

  • 2002 онд нийслэл хотын бүх төрлийн автомашинуудыг үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулсан.

  • 2003 онд нийслэлийн бүх төрлийн автомашинууд үзлэгт хамруулж, орон нутгийн тээврийн хэрэгслүүдийг ерөнхий үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах ажлыг эхлүүлсэн.

  • 2004 оноос “Автотээврийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан нийт 150 гаруй мянган автотээврийн хэрэгсэлд богино хугацаанд үзлэг, оношлогоо хийсэн.

  • 2005 оноос “Тээвэр хөгжүүлэх” төслийн хүрээнд байгуулагдсан 24 төвүүдэд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг олон улсын жишигт нийцүүлэн хийж эхэлсэн. Техникийн хяналтын үзлэг хийх үйл ажиллагаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад жилийн турш, бусад аймгуудад дулааны улиралд явагдаж байсан ба хот болон аймгийн төвөөс алслагдсан сум суурин газруудад оношлогчийн ур чадварт тулгуурлан нүдээр үзлэг хийж, техникийн дүгнэлт гаргаж, гэрчилгээ олгож, замын хөдөлгөөнд оролцуулах болсон ба 2006 онд энэ үйл ажиллагаа үргэлжлэн хийгдсэн.

  • 2007-2008 онуудад Монгол улсын нутагт ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийг суурин болон явуулын үзлэгт хамруулж, техникийн дүгнэлт гарган, гэрчилгээ олгож, замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон.

  • 2009 оноос Улаанбаатар хотоос гадна орон нутгийн 10 техникийн хяналтын үзлэг хийх төв өөрийн байртай болсон тул техникийн хяналтын үзлэгийг жилийн турш тасралтгүй явагдаж эхэлсэн. Явуулын оношлогооны зарим төрлийн багаж төхөөрөмж дутагдалтай байсан тул Инженер, техникийн алба дотоод нөөц бололцоогоо ашиглан шинэ санаачлага гарган ашиглах болсон.

  • 2010 оноос “Автотээврийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт орсон тул тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох ажил “Авто тээврийн байгуулага”-д шилжиж ирснээр бүртгэл, техникийн хяналтын үзлэг хийх үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирч, үзлэгт хамрагдах тээврийн хэрэгслийн тоо өсч, хяналт сайжирч байна.

  • 2011 оноос “Техникийн хяналтын үзлэг” хийдэг төвүүдийн дотоодын хяналт, шалгалтыг сайжруулсанаар эзэмшигч нь тээврийн хэрэгслээ заавал техникийн хяналтын үзлэгийн төвд авчирч стандартын шаардлага хангасан тохиолдолд техникийн байдлын дүгнэлт гардаг болсон. Ингэж үзлэгт орсон эсэхийг камер болон программын тусламжтай тогтоодог олон төрлийн аргуудыг нэвтрүүлсэнээр хэн буруутай этгээдэд хариуцлага тооцох боломжтой болсон.

  • 2012 оноос “Техникийн хяналтын үзлэг” хийдэг төвүүдийн үйлчилгээний ачаалал бууруулах болон тоног төхөөрөмжийн элэгдэл багасгах зорилгоор ашиглалтын зардал багатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий тус бүр 2 шугамтай байх шинэ үзлэгийн төв байгуулах тендерийг “Цэвэр агаар” сангаас санхүүжүүлэн зарлаж нийт 948 сая төгрөгийн 4 шугамын Солонгос төхөөрөмж нийлүүлсэн. Дээрх тоног төхөөрөмжийг суурилуулах байргүй тул өөрийн эзэмшилд гаражын зориулалтаар ашиглаж байсан барилгыг өөрчилж засвар хийж 2 шугамын тоног төхөөрөмжийг суурилуулсан.

  • 2013 оноос орон нутаг дахь бүх салбаруудыг “Цэвэр агаар” сангаас санхүүжүүлэн явуулын төвтэй болгож, тоног төхөөрөмж бүхий 11 ширхэг “УАЗ фургон” машинтай болсон нь техникийн хяналтын үзлэгийг улсын хэмжээнд стандартын шаардлагын дагуу ажиллуулах нөхцөл бүрдсэн. Мөн Сэлэнгэ салбар өөрийн эзэмшлийн зориулалтын үзлэгийн байртай болсон.

  • 2014 оноос мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтарч ажиллах үүднээс Нийслэлийн ХУТөв болон ЗЦГ-ийн торгууль ноогдуулдаг камерийн систем, полиц рейдер багажинд техникийн хяналтын бүртгэлийн санг оруулсанаар хяналтын үйл ажиллагаа сайжирсан. Дархан, Өмнөговь төвүүдэд шинээр тус бүр 2 шугам бүхий өөрийн эзэмшлийн байртай болсон.

  • 2015 оноос техникийн хяналтын үзлэг хийх үйл ажиллагааг хэрэглэгчид хөнгөн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилгоор ажлын өдрүүдэд 8:30-20:30 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд тасралтгүй хийж байгаа билээ.

Техникийн хяналтын үзлэг хийхдээ цаг хугацаанд хавчигдан, богино хугацаанд багтаан хийх нь тээврийн хэрэгслийн техникийн байдалд үнэн зөв дүгнэлт гаргаж, автомашин эзэмшигчдэд мэргэжлийн хувьд зөвлөгөө өгч чадахгүй, бас нэгэн төрлийн татвар хурааж байгаа мэт сэтгэгдлийг үйлчлүүлэгчдэд төрүүлэх сөрөг талууд ажиглагдаж байгаа учраас 2003 онд “Автотээврийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, олон улсын жишгийн дагуу техникийн хяналтын үзлэг, оношлогоог мэргэжлийн байгууллага жилийн турш тасралтгүй зохион байгуулах болсонтой холбогдуулан өмнө хэрэглэж байсан хууль, дүрэм, журам, стандартуудыг дахин хянаж, шинэчлэн баталж, одоо хүртэл мөрдөн ажиллаж байна.

Автотээврийн үндэсний төв нь автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх нийт 26 төвийг нэгдсэн цахим сүлжээгээр холбон, бүртгэлийн нэгдсэн сан байгуулсан ба шаардлагатай мэдээллээр холбогдох байгууллагуудыг хангах, оношлогооны ачааллыг жигдрүүлэх, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, стандартын шаардлагыг жигд хангуулах, олон улсын жишигт нийцсэн төрийн хяналтын шинэлэг үйлчилгээний хэлбэрийг бий болгох үндсэн зорилт тавин ажиллаж байна.

Энэ зорилтыг биелүүлэхэд зөвхөн мэргэжлийн байгууллага төдийгүй бусад төрийн хяналтын болон ЗЦ-ийн байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулан, дэвшилтэт хэлбэрээр өөрсдийнхөө чиг үүргийн дагуу нэг цэгээс хамтран зохион байгуулан ажиллах замаар шийдвэрлэх нь зүйтэй юм.

Автотээврийн үндэсний төвийн хувьд 2015 оны байдлаар тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт улсын хэмжээнд нийт 480 мянга гаруй тээврийн хэрэгсэл хамрагдсанаас нийслэлд 260 мянга гаруй нь хамрагдсан дүн мэдээтэй байна.


Автотээврийн үндэсний төвийн Техникийн хяналтын газрын дарга, МУ-ын Зөвлөх инженер С.Насанбат

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.