Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2020-06-12 00:35:40

Д.Батчулуун: Хулгайн тээврээр зорчиж, амь насаа эрсдэлд оруулах тохиолдол их байна

Улаанбаатараас орон нутгийг чиглэх хөдөлгөөн нэмэгджээ. Хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой хууль бус тээвэрлэлт нэмэгддэг. Иргэдэд явах чиглэлийн унаандаа суух нь чухал болохоос тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй тээвэрлэлт чухал биш. Тэр бүү хэл, бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын унаанд дайгаад явуулчихдаг хэнэггүй хүмүүс ч цөөнгүй. Сүүлийн жилүүдэд зам тээврийн ослоор эрүүл мэнд, амь, насаараа хүртэл хохирох нь ихэссэн. Иймд уншигчдадаа сэрэмжлүүлэг болгох үүднээс хууль бус тээвэрлэлтийн талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзалд үд дундын үед хүрэв. Түм түжигнэж, бум бужигнасан энэ газарт нийслэлээс баруун аймгийг зорих иргэдийн цуваа үл тасарна. Том хайрцаг, чемодантай хувцсаа дааж ядсан хүмүүс автобусны буудлаас цуврах бөгөөд үүнтэй зэрэгцэн “Хаашаа, хэдүүлээ явах вэ. Дархан, Эрдэнэт ганц хүн аваад гарлаа” хэмээн шуугилдана. Зогсоолд зогсож, хөдлөхөд бэлэн болсон автобусны зүгт яарах хүн олон байв.

Драгон төвийн зогсоолд хүн явах зайгүй шахам эгнүүлэн тавьсан машины жолооч нар ачаагаа дааж ядах тэдний урдуур орж, “Хаашаа явах вэ, надтай яваач, удахгүй хөдөллөө. Билетээ аваагүй бол суучих” хэмээн шалгааж гарна. Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн зүгт явах машинууд баруун зүүн талын зогсоолд, харин дунд хэсэгт нь Архангай, Өвөрхангай, Баянхонгор явах машинууд зогсжээ. 

Тэдний олонх нь хувиараа хот хоорондын тээвэрлэлт хийж, амьжиргаагаа залгуулдаг. Энд зогссон машины олонх нь Дархан, Эрдэнэтийн зүгт явдаг бөгөөд зарим нь хүнээ дүүргээд, хөдөлж байгаа харагдав. Биднийг очих үеэр  саарал өнгийн приус-20 маркийн машин урд суудалдаа нялх хүүхэдтэй эмэгтэй, хойд талдаа дөрвөн том хүн суулгаад, зарим ачаа барааг нь өвөр дээр нь тавиулж, замдаа гарах гэж байгаа бололтой хөдөлж байлаа. Зогсоолоос хөдлөхдөө жолооч нь тасхийтэл сигналдаж, машиныхаа цонхоор толгойгоо цухуйлган, ойр орчмын машины жолоочийг элдвээр хэлэх нь сонсогдов.. 

Цааш явтал нэгэн иргэн “Өвөрхангай руу ганц хүн явах гэсэн юм” гэхэд жолооч нар хоорондоо булаацалдах шахам шалгаана. Тэдний дундаас цэнхэр подвалк, саарал өмдтэй ахимаг насны эр “Ах нь олон жил хот хоорондын тээвэр хийж байна. Санаа зоволтгүй. Машин найдвартай. Чамаас гадна хоёр хүн авчихвал удахгүй хөдөллөө. Ачаа хэр их вэ” хэмээв. Ямар машинтай юм бэ хэмээн асуухад “Hyundai Sonata-6” хэмээн тоос шороонд дарагдаж, нэлээд хуучирсан цагаан саарал өнгийн машины зүг заав. Биднийг ийн ярилцан зогсоход ой гаран насны хүүхдээ тэвэрсэн эмэгтэй мөн л Өвөрхангай явах унаа сураглав. “Уянга сум орох гэсэн юм. Хэдээр явах вэ” гэхэд жолооч “Ах нь Нарийнтээл орно” гэлээ.

Түүнээс холгүй зогссон саарал өнгийн приус-20 маркийн авто машины эзнийг А.Лхагвадаш гэдэг. Өвөрхангай, Улаанбаатарын чиглэлд тээвэр хийгээд болон жил болжээ. Тэрбээр “Миний амьжиргааны гол эх үүсвэр нь хот хоорондын тээвэр. Одоогоор Улаанбаатараас Арвайхээрийн чиглэлд нэг хүний 25 мянган төгрөгөөр явж байна. Нийтийн тээврээс 2-3 мянган төгрөгийн зөрүүтэй  үнээр явдаг. Хурдан шуурхай гээд жижиг тэргээр хүмүүс их явдаг шүү дээ. Харин коронавирусийн халдвар гарсантай холбоотой хүмүүсийн хөдөлгөөн багассан байна. Уг нь өдөртөө хүнээ дүүргээд гарчихдаг байсан юм. Гэтэл одоо хоёр хонох нь наад захын ажил болж. Ганц нэг хүн аваад явалтай биш. Ямар ч ашиггүй. Ганц нэг байвал өөр унаанд дайгаад явуулчихдаг юм. Өнөөдөр ганц л хүн байна. Үдээс хойш хүн ирэх байх. Хүн бага байгаа энэ үед автобусныхан биднийг үзэхгүй шүү дээ. Дээр нь хууль бус тээвэр хийсэн гээд цагдаад торгуулна. Бичиг баримтаа аваад зургаа хонож байна” хэмээв.

Энэ үеэр том хайрцагтай зүйл, цүнхтэй хувцастай, мөн л холыг зорих гэж байгаа нь тодорхой хүн ирэхэд, жолооч “Утсаар ярьсан хүн мөн үү” хэмээн асуулаа. Жолооч ухасхийн босож, залуугийн ачааг тээшиндээ хийв. Нэрээ хэлэхээс татгалзсан залуу “Автобуснаас жижиг тэрэг илүү хурдаг явдаг шүү дээ. Аймгийн төв хүртэл автобус 7-8 цаг гаруй хугацаанд явдаг. Харин хувийн унаагаар 5-6 цаг давиад  л хүрчихнэ. Гэлээ ч өвчин гарсан үед олон хүнтэй явахгүй гэж бодоод хувийн унаагаар явах гэж байна” гэлээ.  

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХҮРЭЛЦЭЭ ХАНГАЛТТАЙ ГЭВ

Драгон төвийн урд эгнүүлэн зогссон автобуснууд зорчигчдоо бүртгэн хөдлөхөөр зэхэж байв. Зорчигчид нь судлаа эзэлж, хөдлөхөд бэлэн болсон Дарханы чиглэлийн автобусанд сул суудал олон харагдана. Нэг цагт, нэг газраас хөдөлж байгаа тээврийн хэрэгслээс иргэд хурдан явдаг гэх ганц шалтгаанаар баталгаагүй тээврийн хэрэгслийн сонгож байгаа нь харамсалтай.

Орон нутагт зорчих нийтийн тээврийн хүрэлцээ хангалттай ч иргэд дээрх сонголтыг хийдэг гэдгийг АТҮТ-ын СХЗТ төвийн дарга Ц.Цэцэг-Ундрал хэлсэн юм. Энэ талаар тэрбээр “Драгон автовокзалаас 14 аймгийн 39 чиглэлд 51 аж ахуйн нэгжийн 700 орчим тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. АТҮТ, ТЦА-тай хамтран хууль бус тээвэрлэлтийг багасгах, зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа. Тодруулбал, зургадугаар сарын 8-14-нд ТЦА-ны Зам тээврийн гэрээт хэлтэс болон Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран “Хууль бус тээвэр” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Коронавирусийн халдвар гарсантай холбоотой зорчигч тээврийн урсгал багассан. Бид ачаалал ихэссэн үед буюу зорчигч урсгал нэмэгдсэн үеэр тээврийн хэрэгслийн тоо болон цагийн давтамжаа нэмдэг. Ер нь аль ч чиглэлд тээврийн хэрэгсэл хангалттай. Дээр нь иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс чиглэл бүрт гарч байгаа автобусанд байнгын хяналт тавьдаг. Үйлчилгээнд гарахаас өмнө техникийн бүрэн бүтэн байдал, жолооч ажил амралтын дэглэм барьсан эсэх зэргийг нарийн хянадаг. Иргэд ихэвчлэн хурдан явдаг гэх шалтгаанаар хууль бус тээврийг сонгоод байна. Эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулахаас сэргийлж, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчих хэрэгтэй” гэв.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НАС БАРСАН ТОХИОЛДЛЫН 21 ХУВЬ НЬ ХУУЛЬ БУС ТЭЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ

Хууль бус тээвэрлэлтэд холбогдох байгууллагууд хэрхэн хяналт тавьж байгаа талаар  ТЦА-ны Замын цагдаагийн газрын зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Батчулуунаас тодрууллаа.  Тэрбээр “Хууль бус тээвэр гэдэг нь гэрээ хийлгүйгээр хүн тээвэрлэхийг хэлдэг. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нар жолоочийн үнэмлэхээс гадна мэргэшсэн жолоочийн үнэмлэх авдаг. АТҮТ-өөс зохион байгуулдаг сургалтад сууж, мэргэжсэн жолооч болон төгсдөг юм. Гэтэл хот хооронд хувиараа үйлчилгээ үзүүлдэг жолооч нар мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй.

Баталгаатай жолооч биш гэсэн үг. Ийм тээврийн хэрэгслээр зорчсон иргэд хууль бус тээврийн хэрэгслээр явж байна гэсэн үг. Орон нутгийн замд 2019 онд 3700 гаруй тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан гэх судалгаа бий. Үүнээс орон нутгийн замд 390 осол гарч, 430 хүн нас барсан. Нас баралтын 21.5 хувийг нь хувиараа тээвэр эрхэлсэнтэй холбоотой. Тиймээс үүнийг таслах зогсоохоор АТҮТ-ийн хяналтын тасаг, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтсүүд хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд Драгон төвийн орчим байнгын пост ажиллуулж байна.

Авто тээврийн тухай хуулийн 10.2.2-т ачаа, зорчигч тээвэрлэлтийн техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр иргэнийг тав тухтай аюулгүй тээвэрлэнэ гэж заасан байдаг. Мөн Зөрчлийн тухай хуулийн 14.6.2-т тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бүх хүний 100 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 500 мянган нэгжтэй тэмцэх мөнгөн дүнгээр торгоно гэсэн хуулийн зохицуулалттай. Баталгаат тээрийн хэрэгслээр зорчиж байгаад зам тээврийн осолд өртвөл тухайн аж ахуйн нэгж хариуцдаг.  Гэтэл хувиараа тээвэр хийж байгаа хүмүүст даатгал гэж байхгүй. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй” гэлээ.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.