он
 
   

Vнэ, тариф  |  Салбаруудын байршил  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Стандарт ...

2019-02-25 01:50:31
 

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

 

Авто үйлчилгээ - Ангилал, Ерөнхий шаардлага

MNS 5025 :  

Auto service - Classification, General requirements

MNS 5025 :

 

Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.

  1. Зорилго

Энэхүү стандартын зорилго нь авто үйлчилгээг зохион байгуулах нийтлэг шаардлага, журам тогтооход төр, захиргааны болон бусад байгууллагаас хяналт тавих, ажил үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Хамрах ба хэрэглэх хүрээ

Энэхүү стандарт нь авто үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон ажил үйлчилгээнд тавих шаардлагыг тогтооход хамаарна.

Энэхүү стандартыг авто үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон түүнд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтан мөрдөнө.

  1. Норматив ишлэл

3.1 Энэхүү стандартыг боловсруулахад ашигласан дараах баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ѐсны эх материалаас иш татаж хэрэглэнэ. Үүнд:

  • MNS4601:2011, Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүн, техникийн үйлчилгээ, засварын тогтолцоо, тодорхойлолт
  • MNS4598:2011, Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага
  • MNS5013:2009, Бензин хөдөлгүүртэй автомашин-Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга
  • MNS5014:2009, Дизель хөдөлгүүртэй автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга
  • MNS5044:2010, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төв Ангилал. Ерөнхий шаардлага
  • MNS5342:2007, Автозогсоол. Ангилал ба ерөнхий шаардлага
  • БНбД31-03-03, Олон нийт, иргэний барилгын норматив, дүрэм
  • БНбД32-04-06, Хот суурины гудамж талбайн төлөвлөлтийн норматив, дүрэм
  • MNS5021:2007, Худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлага
  • MNS6595:2016, Автотээврийн салбарын ажил мэргэжлийн стандарт Ерөнхий шаардлага
  • MNS3850:1985, Техникийн үйлчилгээ засварын систем. Нэр томъёоны тодорхойлолт

4 Нэр томьёо, тодорхойлолт

4.1 Энэхүү стандартад хэрэглэсэн нэр томьѐог дараах утгаар ойлгоно. Үүнд:

4.1.1 Авто үйлчилгээ

Автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг оношлох, техникийн үйлчилгээ, засвар хийх, хадгалах, тосолгооны болон ашиглалтын бусад материал худалдах, цэнэглэх, сэлбэг хэрэгсэл худалдах зэрэг автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйл ажиллагаа;

4.1.2 Авто үйлчилгээний байгууллага

Автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн;

4.1.3 Моторт тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний байгууллага

Тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд техникийн бүрэн байдал, найдварт ажиллагааг хангахад чиглэгдсэн бүх төрлийн техникийн үйлчилгээ, оношилгоо, засвар, угаалга зэрэг үйлчилгээ хамаарна.

4.1.4 Моторт тээврийн хэрэгслийн ашиглалтын материалаар хангах үйлчилгээ

Тээврийн хэрэгсэл, түүний сэлбэг, тоног төхөөрөмж худалдаалах, тосолгооны болон ашиглалтын бусад материалаар (цаашид “бараа, бүтээгдэхүүн” гэх) хангах зэрэг үйлчилгээ хамаарна.

4.1.5 Моторт тээврийн хэрэгслийн хадгалалтын үйлчилгээ

Тээврийн хэрэгслийг урт, богино хугацаагаар хадгалах авто зогсоол, түүнтэй нийцсэн бусад үйлчилгээг төлбөртэйгөөр үзүүлэхэд хамаарна.

4.1.6 Технологи

Оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргахад чиглэгдсэн хүн, техник, мэдээлэл, зохион байгуулалтын харилцан уялдаатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогц;

4.1.7 Технологи ажиллагаа

Аливаа ажил, үйлчилгээний ажилбарыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэх тогтоосон дараалал;

4.1.8 Ажилбар

Автомашины аль нэг агрегат, зангилаа, системийн засвар, үйлчилгээг гүйцэтгэх дэс дараалсан үйлдлийн цогц;

4.1.9 Технологийн карт

Авто үйлчилгээний технологи ажиллагаанд тулгуурласан тухайн авто үйлчилгээний ажил үйлчилгээг гүйцэтгэх ажилбар, шилжвэр, үйлдлийн дараалалд шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажлын зэрэг, хугацааг нэг бүрчлэн хүснэгтлэн жагсаасан, шаардлагатай тохиолдолд схемчлэн үзүүлсэн техникийн баримт бичиг;

4.1.10 Мэдээллийн сан

Авто үйлчилгээний байгууллага, иргэдийн хаяг байршил, хүний нөөц, үйлчилгээний онцлог, үйлчилгээний үнэ тариф, ажиллах цагийн хуваарь, үзүүлсэн үйлчилгээний талаархи өгөгдлүүдийг цаашид өргөтгөх боломжтойгоор үүсгэсэн өгөгдөл бааз;

4.1.11 Авто машины их бие засвар

Автомашины их биеийн эвдрэл гэмтлийг сэргээн засварлахтай холбогдуулан хийх бүхий л ажилбарыг гүйцэтгэх газрыг;

4.1.12 Техникийн оношилгоо, үйлчилгээ

Автотээврийн хэрэгслийн агрегат, зангилаа, эд ангийн аливаа эвдрэл гэмтлийг урьдчилан сэргийлэх, илрүүлэн арилгах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, мөн хүрээлэн байгаа орчин, хүн амд учруулах экологийн сөрөг нөлөөг багасгахтай холбогдсон ерөнхий болон гүнзгийрүүлсэн оношилгоо, үйлчилгээ хийх ажлууд, тухайлбал автотээврийн хэрэгсэл, түүний агрегат зангилаа, эд ангийн техникийн байдлыг оношлох, шалгах, чангалах, тохируулах, тусгай шингэн материалаар цэнэглэх, тослогоо хийх газар

 

5 Авто үйлчилгээний байгууллагын ангилал

5.1 Авто үйлчилгээний байгууллагыг ажил, үйлчилгээний төрөл, хэлбэрээс нь хамааруулж дараах байдлаар ангилна. Үүнд:

  • Моторт тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ
    • Угаалга, цэвэрлэгээний үйлчилгээ
    • Техникийн оношилгоо, үйлчилгээ
    • Автомашины их бие засвар
    • Их гэрэл, гэрэлтүүлгийн системийн засвар, тохиргоо
    • Урд дугуйн тавилтын өнцгийн засвар, тохиргоо
    • Хөдөлгүүрийн түлшний систем засвар, тохиргоо
    • Цахилгаан хэрэгслийн засвар
    • Тоормосны системийн засвар, тохиргоо
    • Жолооны механизм болон гүүшингийн засвар, тохиргоо
    • Асаалтын системийн засвар, тохиргоо
    • Хөдөлгүүрийн засвар
    • Хурдны хайрцгийн засвар
    • Радиатор хөргөлтийн системийн засвар
    • Дугуй засварын ажил, дугуйн баланс тохируулах
    • Явах ангийн засвар, тохиргоо
    • Агааржуулалтын системийн засвар, үйлчилгээ
    • Хэмжих хэрэгслүүдийг шалгах ба засах
    • Аккумуляторын батарейг цэнэглэх ба засварлах
    • Автомашины шилийг засварлах, суурилуулах
    • Ажилласан хий (утаа)-г зайлуулах системийн засвар

 

 

  • Моторт тээврийн хэрэгслийн ашиглалтын материалаар хангах үйлчилгээ
    • Сэлбэг, хэрэгслийн худалдаа
    • Тос, тосолгооны материалын худалдаа
    • Оёдол, доторлогоо хийх үйлчилгээ
    • Автотээврийн хэрэгслийн дугуй, обуд худалдаа

 

  • Моторт тээврийн хэрэгслийн хадгалалтын үйлчилгээ
    • Авто зогсоолын үйлчилгээ
    • Авто тээврийн хэрэгслийн дугуй хадгалалтын үйлчилгээ

 

6 Авто үйлчилгээний байгууллагад тавих нийтлэг шаардлага

6.1 Нутаг дэвсгэрийнхээ бүртгэх байгууллагад тогтоосон журмын дагуу бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, эрхлэх ажил, үйлчилгээний нэр төрөл, үйл ажиллагааг тодорхой заасан байх.

6.2   Үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр, ажиллах цагийн хуваарь, холбогдох утасны дугаар бүхий самбарыг монгол хэл дээр бичиж харагдахуйц газар байршуулж, бүтээгдэхүүн, засвар үйлчилгээний үнийг нэг бүрчлэн үнэн зөв, ил тод бичсэн байх;

6.3 Эрхлэх ажил, үйлчилгээ нь хүрээлэн байгаа орчин, оршин суугчдад сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй, галын болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, хөдөлмөрийн эрүүл ахуй, тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байх.

6.4 Техникийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээний соѐл, ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын заавар, журам тогтоож мөрдүүлсэн байх.

6.5 Авто үйлчилгээ эрхлэгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга байгууламж, зогсоол талбай, технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй байна.

6.6 Авто үйлчилгээний байгууллага нь тухайн чиглэлийн үйлчилгээнд тавих холбогдох стандарт шаардлага хангасан байна.

 

7 Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламжид тавих нийтлэг шаардлага

7.1 Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга, байгууламж, түүний инженерийн шугам сүлжээ нь авто үйлчилгээний үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад зайлшгүй шаардлагатай БНбД31-03-03 “Олон нийт, иргэний барилга”, БНбД32-04-06 “Хот суурины гудамж талбайн төлөвлөлт”-д заасан норматив шаардлагыг хангасан, агааржуулах, гэрэлтүүлэх, дулаацуулах систем, галын аюулгүйн багаж хэрэгслээр бүрэн хангагдсан, тэдгээр нь хэвийн ажиллагаатай байна.

7.2 Галын аюулгүйн шаардлагыг бүрэн хангаж, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу цэвэр, бохир усны системд холбогдсон эсвэл тусгай байгууламжтай байна.

7.3 Ажилчдын хувцас солих болон амрах байр, бие засах, гар угаах газартай байхаас гадна үйлчлүүлэгчийн хүлээлгийн өрөөтэй байна.

 

  1. Ажлын байранд тавих нийтлэг шаардлага

8.1 Ажлын байранд тухайн ажилбарыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу гаргасан ажиллах талбай, гэрэлтүүлэг, дулаацуулга, агааржуулалт, дуу чимээ, тоосжилт, чийгшил хэвийн хэмжээнд байна.

8.2 Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон галын аюулгүйн анхааруулах тэмдэг, санамжийг тавьсан байна.

  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд тавигдах нийтлэг шаардлага

9.1 Ажлын байранд тодорхой таних тэмдэг бүхий хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хангасан зориулалтын өвөл, зуны улиралд тохирсон ажлын хувцас өмсөж, засвар үйлчилгээ үзүүлнэ.

9.2 Авто үйлчилгээний байгууллага нь яаралтай тусламж үзүүлэх иж бүрдэл болон галын аюулгүй ажиллагаанд шаардагдах багаж хэрэгслээр хүрэлцэхүйц хангагдсан байна.

9.3 Моторт тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний байгууллага нь эрх бүхий байгууллагаар хөдөлмөрийн нөхцөлийн болон эрсдэлийн үнэлгээг тус тус хийлгэсэн байх.

 

10 Зогсоол талбайд тавих нийтлэг шаардлага

10.1 Зогсоол талбай нь MNS 5342 : 2007стандарт, автотээврийн ажил, үйлчилгээ явуулах барилга байгууламж нь БНбД31-03-03, БНбД32-04-06 норм дүрмийн шаардлагын дагуу автомашин тавихад зориулж тэгшилж цардсан байна.

10.2 Автотээврийн ажил үйлчилгээ явуулах барилга байгууламж БНбД31-03-03 “Олон нийт, иргэний барилга”, БНбД32-04-06 “Хот суурины гудамж талбайн төлөвлөлт”-д заасан норматив шаардлагын дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан автомашины болон явган хүний замтай байх;

10.3 Автотээврийн хэрэгсэл байрлах зогсоолын байрлалыг цагаан зураасаар, аюулгүйн тэмдэглэгээг шар зураасаар тэмдэглэж, зориулалтын зогсоолоос бусад газарт автотээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглоно.

11 Технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих нийтлэг шаардлага

11.1 Автоүйлчилгээний байгууллага нь тухайн ажил үйлчилгээний технологийн картад тусгагдсан тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон байна.

11.2 Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байхаас гадна өргөж тээвэрлэх, хэмжих, хянах багаж хэрэгсэл, өндөр даралтанд ажиллах тоноглол зэрэг нь тогтоосон журмын дагуу эрх бүхий байгууллагаар шалгуулж баталгаажуулсан байна.

11.3 Суурин ба зөөврийн тоноглол нэг бүрд техник ашиглалтын бүртгэлийн дэвтэр хөтөлж, аюулгүй ажиллагааны заавартай байна.

 

12 Авто үйлчилгээний байгууллагын хүний нөөцөд тавих нийтлэг шаардлага

12.1 Авто үйлчилгээний байгууллагын захирал менежер нарын аль нэг нь Автотээврийн дээд боловсролтой, эрхэлсэн ажлынхаа чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байна.

12.2 Засвар, үйлчилгээ хариуцсан инженер нь автотээврийн механик-инженерийн мэргэжилтэй, эрхэлсэн ажлынхаа чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг оношлох, засвар үйлчилгээ хийх талаар өндөр ур чадвар, дадлага туршлагатай, засвар, үйлчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологи ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга техник, стандарт болон бусад баримт бичгийг судалж мэдсэн байна.

12.3 Засвар, үйлчилгээний механик нь авто тээврийн хэрэгслийн бүх төрлийн хийц загварыг оношилгооны тоног төхөөрөмж ашиглан оношлох, засварлах мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай, техникч-механикч мэргэжилтэй, эрхэлсэн ажлынхаа чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, засвар, үйлчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологи ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга техник, стандарт болон бусад баримт бичгийг судалж мэдсэн байна.

12.4 Засвар, үйлчилгээний засварчин нь автотээврийн мэргэжлийн сургалтын болон авто үйлчилгээний төрөлжсөн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан, засвар, үйлчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрэн эзэмшсэн, засварын технологи ажиллагаа, технологийн картыг судалж мэдсэн, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга техникт суралцаж дадлагажсан байна.

12.5 Засвар, үйлчилгээний гагнуурчин нь автотээврийн хэрэгслийн бүх төрлийн хийц загвар, агрегат, эд ангийг цахилгаан, хийн болон бусад төрлийн гагнуураар гагнах мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага эзэмшсэн, автотээврийн мэргэжлийн сургалтын болон авто үйлчилгээний төрөлжсөн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга техникт суралцаж дадлагажсан байна.

12.6 Автомашины сэлбэг, хэрэгсэл, тосолгооны болон ашиглалтын бусад материалын борлуулалтын ажилтан нь автотээврийн мэргэжлийн сургалтын болон авто үйлчилгээний төрөлжсөн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, борлуулж буй сэлбэг, хэрэгслийн талаар бүрэн мэдлэгтэй, үйлчлүүлэгчид мэргэжлийн зөвлөгөө өгөх чадвартай байна.

12.7 Бусад ажилчид нь Автотээврийн салбарын ажил мэргэжлийн стандарт. Ерөнхий шаардлага MNS  6595  стандартын шаардлага хангасан байна.

 

 

 

  1. Авто үйлчилгээний мэдээллийн сан

13.1 Авто засвар, үйлчилгээ эрхлэгчид нь цахим мэдээллийн нэгдсэн санд тээврийн хэрэгсэлд хийж гүйцэтгэсэн засвар, үйлчилгээ болон худалдан борлуулсан сэлбэг, хэрэгсэл, тос, тосолгоо, ашиглалтын бусад материалын мэдээллийг тухай бүрт үнэн зөв, бүрэн гүйцэд оруулдаг байна.

13.2 Өөрийн үйлчилгээний газрын байршил, ажиллах цагийн хуваарь, засвар, үйлчилгээний нэр төрөл, тэдгээрийн үнэ зэрэг мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх, засвар, үйлчилгээ хийлгэх захиалгыг цахим сүлжээгээр хүлээн авах, хийж гүйцэтгэсэн засвар, үйлчилгээний мэдээллийг тухай бүрт нь мэдээллийн санд тэмдэглэх орчин нөхцөл бүрдүүлсэн байна.

13.3 Моторт тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний байгууллага нь автотээврийн хэрэгсэлд хийж гүйцэтгэсэн засвар, үйлчилгээндээ техникийн үзүүлэлт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаад баталгаа гаргаж өгдөг байна. Баталгааг мэдээллийн санд заавал бүртгэн оруулна.

13.4 Тухайн ажлыг гүйцэтгэхэд мэдээллийн санг өргөн ашиглаж, үйлчлүүлэгчийн сонирхол, эрх ашгийг дээдэлсэн, сэтгэл ханамжийг татсан ажиллах орчин бүрдүүлсэн байна.

  1. Моторт тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний байгууллагад тавих нэмэлт шаардлага
  • Ажлын төрөл тус бүрт ажлын дэс дарааллыг тогтоосон технологийн карт, боловсруулж мөрдүүлсэн байна.
  • Технологийн картын дагуу шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон байна.
  • Хангалттай ажиллах агаар бүхий тусгай өрөө тасалгаанд компрессорыг байрлуулдаг байх;
  • Автомашины их биеийн засварчин нь их биеийг будах ажилбарыг гүйцэтгэх үедээ химийн хорт бодисоос хамгаалах хувцас хэрэгслээр бүрэн хангагдсан байна.
  • Автомашины их бие засварын газар нь будаг хийлгэсэн машиныг +40°С халуун хатаах зориулалтын будгийн бүхээгтэй, тоосгүйжүүлэх усан хөшиг эсвэл тоосгүйжүүлэх төхөөрөмжтэй байх;
  • Автомашины их бие засварын газар нь гэмтэлтэй автомашиныг засварын ажилд хүлээн авч, хүлээлгэн өгөх хуудсанд автомашин эзэмшигчид автомашины явалт, автомашины явах анги,их биеийн зурагнуудыг өгч тээврийн хэрэгслийг хүлээн авах.
  • Автомашины агрегат, зангилаа, систем эд ангийг задалж, засвар хийх нөхцөлд технологийн угаалга, тосгүйжүүлэх ажилбарыг заавал хийж гүйцэтгэсэн байна.
  • Үйлчилгээ үзүүлэхдээ тээврийн хэрэгслийг техникийн шаардлагын дагуу хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай бүртгэл хөтлөн.
  • Тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ гүйцэтгэх явцад тухайн тээврийн хэрэгслийн нийт явсан гүйлт, гүйцэтгэсэн ажил, зарцуулсан сэлбэг, хэрэгсэл, тос, тослогооны болон ашиглалтын бусад материалын мэдээллийг мэдээллийн санд тэмдэглэнэ.
  • Аюултай шингэн хог хаягдлыг зориулалтын бат бөх, аюултай хог хаягдалтайгаа урвалд ордоггүй саванд түр хадгалдаг, аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий газартай гэрээ байгуулсан байна.
  • Гагнуур хийх зориулалтын багажтай байна.
  • Засвар, үйлчилгээний газар нь өргүүр болон суваг эсвэл аль алинтай нь байна.
  • Олон суваг, өргүүртэй бол түүний тоогоор ашиглагдах багаж тоног төхөөрөмжтэй байж, тус бүрт утаа зайлуулах төхөөрөмжтэй байна.
  • Тухайн тээврийн хэрэгслийн суудал эд анги зэргийг бохирдуулах сэвтээхээс хамгаалах бүрээс, уут сав, арчих цэвэрлэх, угаах материал хэрэглэнэ.

 

  1. Моторт тээврийн хэрэгслийн ашиглалтын материалаар хангах үйлчилгээнд тавих нэмэлт шаардлага

15.1 Худалдаа эрхлэгчид нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, баталгаатай, зориулалтад тохирсон бүтээгдэхүүн борлуулж, тэдгээрийн стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлнэ.

15.2 Худалдааны танхимаар үйлчлэх хүчин чадлаас хамааран барааг худалдаалахад бэлтгэх туслах өрөө, зориулалтын талбай бүхий агуулах байна.

15.3 Агуулахад барааг зориулалтын тавцан дээр хананаас 20 см, халаах хэрэгслээс 1м-ээс багагүй зайд байрлуулна.

15.4 Худалдах  бараа, бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт шаардлагад нийцэж байгаад баталгаа гаргаж өгөх ба баталгааг мэдээллийн санд бүртгэн оруулна.

15.5 Хэрэв үйлдвэрлэгч удаан хугацаанд хэрэглэх бараанд баталгаат хугацаа тогтоогоогүй бол барааг үйлчлүүлэгчид нийлүүлсэн өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд барааны чанар, аюулгүй байдлын баталгаа гаргана.

15.6 Тохирлын баталгаа болон гарал үүслийн гэрчилгээтэй бараа бүтээгдэхүүн худалдах

  1. Моторт тээврийн хэрэгслийн хадгалалтын үйлчилгээнд тавих нэмэлт шаардлага

            16.1.  Авто зогсоолын үйлчилгээний байгууллага нь “Авто зогсоол. Ангилал ба ерөнхий шаардлага” MNS 5342:2007 стандартын шаардлагад бүрэн нийцсэн байх

            16.2.  Тээврийн хэрэгслийг хадгалалтад хүлээн авах, хүлээлгэн өгсөн тухай цахим бүртгэл хөтлөх

            16.3. Тээврийн хэрэгслийг хүлээн авснаас хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд тухай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах

 


[ << Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах >> ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn








Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх

2020 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.