он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Б.Отгонбаяр: Хууль бус тээвэрлэлт багассанаар эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө хамгаалагдана

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбоотойгоор иргэд, зорчигчдынхоо ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл боломжоор хангах үүднээс зөвшөөрөлгүй тогтмол тээвэрлэлт буюу “хулгайн тээвэр”-ийг таслан зогсоох чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлээд байна.

Энэ хүрээнд энэ сарын эхээр Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын Автотээврийн төв, Замын цагдаагийн тасаг, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд Хэнтий аймагт зөвлөлдөх уулзалт хийсэн юм.

Энэхүү арга хэмжээг санаачлагч Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн дарга Б.Отгонбаяртай ярилцлаа.

-Сүхбаатар аймагт автотээврийн зорчигч тээврийн үйлчилгээ, цагийн давтамж, маршрут ямар зохион байгуулалтаар явж байна вэ?

-Сүхбаатар аймгийн хувьд нийтдээ 13 сумтай. Өнөөдрийн байдлаар 9 сум  нь Улаанбаатар хоттой холбогдоод байна. Хоёр сум нь хот хоорондын замынхаа маршрутыг батлуулсан ч одоогоор тээвэрлэлт эхлээгүй бөгөөд тээвэрлэлт эхэлчихвэл 13 сумын 11 нь холбогдох юм. Үлдсэн хоёр сум нь аймгийн төвтэй ойрхон учир заавал хот хоорондын тээвэрт холбогдох шаардлагагүй гэж үзэж байгаа. Манай аймагт “Аж мянган”, “Хараацайн жигүүр”, “Дарьганга өртөө” хоршоо гэсэн гурван аж ахуйн нэгж тээвэрлэлт гүйцэтгэж байна. Баруун Урт – Улаанбаатарын чиглэлд долоо хоногт, өдөрт хоёр удаа буюу нийтдээ 14 удаа, Эрдэнэцагаан чиглэлд өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нээс дахин нэг давтамж нэмэгдэж долоо хоногт гурван удаа, Дарьганга – Улаанбаатарын чиглэлд долоо хоногт гурван удаа буюу хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ хангалттай явж байгаа.

-Гэсэн хэдий ч хууль бус тээвэрлэлт явж иргэд зорчигчид эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулж байгаа талаар та бүхэн өнөөдөр ярьлаа?

- Энэ асуудлыг бид орон нутагтаа замын цагдаагийнхаа тасагтай хамтраад төлөвлөгөө гарган, хяналт шалгалт хийгээд тэмцдэг боловч өнөөдрийн байдлаар төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. “Хулгайн тээвэр” гэж нэрлэгдэх зөвшөөрөлгүй тогтмол хууль бус тээвэр нийгэмд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай асуудал болоод байна. Тиймээс энэ асуудалтай бид бүсийн хэмжээнд тэмцэх ёстой гэж үзээд ийнхүү хамтран зөвлөлдлөө. Хэрэв энэ санал санаачлага амжилттай хэрэгжвэл улсын хэмжээнд зохион байгуулах шаардлага гарна. Автотээврийн салбарынхан бүс бүсээрээ энэ хууль бус тээвэрлэлтийг зогсооход замын цагдаатайгаа хамтран ажиллах ёстой гэдэг үүднээс Хэнтий аймагт “Хууль бус тээвэрлэлтээс татгалзая” сэдэвт зөвлөгөөнийг ЗТХЯ, гурван аймгийнхаа Замын цагдаагийн тасгууд, Автотээврийн төвүүд, АТҮТ-ийн Хяналт шалгалт, Хөдөлгөөний удирдлагын хэлтэсүүдтэй хамтран зохион байгууллаа. Мөн энэхүү зөвлөгөөнд тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд, нэн ялангуяа орон нутаг талаасаа тээвэрлэлт гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд оролцсон нь ихээхэн ач холбогдолтой боллоо. Эдгээр аж ахуй нэгжүүд тулгамдаж буй асуудлаа ярилцаж, удирдах албан тушаалтнуудад уламжилсан нь энэ асуудал хөрсөн дээрээ буусан ажил болно гэж харж байна.

- Иргэд, аж ахуйн нэгжүүдээс хэд хэдэн саналууд гарсан гэсэн. Аль саналыг нь авч хэрэгжүүлвэл энэ хууль бус тээвэрлэлт зогсох боломжтой бол?

- Хэнтий, Дорнод, Сүхбаатарын автотээврийн төвүүд зөвлөлдөж “Энэ жил хууль бус тээвэрлэлтийн асуудлыг тодорхой хэмжээнд багасгана. Бүр таслан зогсооё” гэсэн зорилтыг тавьлаа. Энэхүү зөвлөгөөнөөс олон санал, санаалчилга гарсан. Эдгээр саналыг бид нэгдсэн байдлаар санамж бичиг болгож үйлдээд, цаашдаа хамтраад ажиллахад замын цагдаатайгаа энэ асуудлыг цэгцлэх боломжтой. Нэг талаас харахад хууль бус тээвэрлэлт байхгүй болсноор хууль бус тээвэрлэлтийг бид таслан зогсоосноор аж ахуйн нэгжүүдээ орлогоор нь дэмжиж байна гэсэн үг л дээ. Аж ахуйн нэгжүүдийн явах зорчигчдын тоо нэмэгдэнэ, олох орлого нэмэгдэнэ, өөрсдийнх нь чадвар чадамж нэмэгдэх учраас манай аж ахуйн нэгжүүд өөрсдөө маш их ач холбогдол өгч оролцож байна. Ингэснээр иргэд, зорчигчид аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэх юм.

Дорнод, Сүхбаатарын автотээврийн байцаагч нар Хэнтийн пост, Жаргалтхаан, Цэнхэр сумд дээр томилон ажиллуулах, 24 цагаар ажиллуулах байдлаар төвлөрүүлснээр бүх байцаагч нарынхаа хүчийг нэгтгэх, долоо хоног болон сараар 24 цагийн ажиллагаатай постуудыг замын цагдаатай хамтран байгуулж гаргавал байнгын, тасралтгүй хяналтаа тавих боломжтой болно гэж зүүн бүсийнхэн үзлээ. Ингэхдээ Замын цагдаа хамтарсан хяналтаа тавьж өгөх саналаа мөн хэлсэн. Ер нь манай Сүхбаатар аймгийн хувьд Замын цагдаагийн тасгийн дарга, байцаагч нар, цагдаагийн газрынхан манай автотээврийн төвтэй хамтарч, хууль бус тээвэрлэлттэй тэмцэхэд идэвхитэй хамтарч ажиллаж байгаа.

-Зөвхөн хууль бус тээвэрлэлтээс гадна өөр ямар тулгамдаж байгаа асуудал тулгамдаж байгаа вэ?

-Хууль бус тээвэр гэхээр бид зөвхөн зорчигч тээврээр ойлгоод байгаа юм. Тэрнээс гадна манай аймагт уул уурхайн компаниуд олон бий. Энэ компаниуд гэрээтэй, гэрээгүй тээвэрлэлт хийдэг. Яагаад гэрээгүй тээвэрлэлт хийгээд байна гэхээр, “Бид дээж хүргүүлж байна” гэдэг нэрийн дор гэрээгүйгээр маш их тээвэрлэлт явагддаг. Энэ дээр шалгалт тавиад “Танайх гэрээгүйгээр тээвэрлэлт хийж байна” гэхээр, манайх үндсэн олборлолт хийгээгүй, дээж хүргэх гэж ганц, хоёр машин явуулсан гэдэг. Энэ нь тасралтгүй явсаар 10, 20, 30 машин болдог. Ингэхдээ даац хэтрүүлдэг, ачаа тээврийг нь хэмжих пүүгүй учраас ямар даацийн машин, ямар журмаар яваад байгаа нь тодорхойгүй байдаг тул энэ асуудлыг Хэнтийн Автотээврийн төвтэй хамтарч ажиллахаар тохиролцлоо.

- Нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдсанаар цаашид ямар эерэг үр дүн гарах бол? Энэ зөвлөгөөн үргэлжлэх үү?

-Бүсийн зөвлөгөөнийг зүүн бүсийнхэн санаачлан зохион байгуулснаар эерэг үр дүнд хүрнэ гэж харж байна. Жишээлбэл, хамгийн түрүүнд хууль бус тээвэрлэлт багассанаар зам тээврийн осол аваар багасна. Үүнтэй холбоотойгоор эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө хамгаалагдана. Цаашид тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэнэ, тэдний чадвар чадамж дээшилнэ. Бид замын цагдаатайгаа хамтран календарьчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Замын цагдаагийн үндсэн үүргийг алдагдуулахгүйгээр “Хурд”, “Гэрэл”, “Хамгаалах бүс” зэрэг арга хэмжээнүүдийнх нь хажуугаар, хууль бус тээвэр, техникийн хяналтын үзлэг оношлогоо, Автотээврийн хэрэгслийн албан татварын төлөлт, Мэргэшсэн жолооч зэрэг өөрсдийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр календарьчилсан төлөвлөгөө гаргасан. Энэ мэт зүүн гурван аймгийн хэмжээнд мөрдөгдөх календарьчилсан төлөвлөгөө гэж тусад нь гаргаснаар нэг дор арга хэмжээнүүдээ нэгтгэх ач холбогдолтой.

Мөн замын цагдаатай хамтран ажиллах гэрээ байгуулснаар гурван аймгийн замын цагдаа, автотээврийн төвүүд гэрээний биелэлтээ хамтран дүгнэж, үнэлэлт дүгнэлт өгөх юм. Эндээс гарах санал санаачилга, тээвэрлэгч аж ахуйн нэгж, авто тээврийн төвүүд, замын цагдаа, бусад газруудаас гарч буй санал санаачилгуудыг нэгтгээд тухай бүрт нь асуудлаа шийдэж явах, албан хаагчдынхаа ажил амралтын горимыг алдагдуулахгүй байх, ажиллах нөхцөл боломжоор нь хангах зэрэг энэ нөхцлүүдээ тухай бүрт нь шийдээд явах боломжтой юм.

-Хууль бус тээвэрлэлтийг зохицуулахад хууль эрхзүйн орчин хангалтгүй байна гэж яригдаж байсан. Замын цагдаагийн албанаас ямар дэмжлэг үзүүлж, хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох, торгох шийтгэх асуудал яригдахаар хууль эрхзүйн орчин төдийлэн хангалттай биш байна. Зөрчлийн тухай хуулинд хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоохийн тулд хууль бус тээвэрлэлт хийж байгаа тээврийг хэрэгслийг торгох, шийтгэх асуудал замын цагдаад эрх нь байдаггүй гэдэг асуудлыг энэ зөвлөгөөний үеэр хэлж байна. Тиймээс энэ асуудлыг төрийн дээд удирдах байгууллагууд уламжилж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрэм, журам боловсруулах тал дээр дэмжиж ажиллах санал гарч байна. Мөн улсын байцаагчдыг ажиллах хууль эрхзүйн нөхцөл боломжуудыг сайжруулаад өгвөл хууль бус тээвэрлэлтийг таслан зогсооход ихээхэн түлхэц болох юм. Жишээ нь, Хэнтий аймагт зөвшөөрөлгүйгээр тогтмол тээвэрлэлт хийдэг 39 машин байгаа юм. Тэгэхээр замын цагдаа тэдгээр машины жолооч нартай “Сүхбаатар аймгийн Автотээврийн төвөөс таны автомашины улсын дугаар, өнгө, маркийг түр саатуулах бичиг ирлээ, энэ асуудлаараа Хэнтий аймгийн автотээврийн төвд очоорой” гэх шаардлагыг тавих зохицуулалтыг хийх шаардлагатай байна.


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


117884






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.