он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Автотээврийн салбарын хог хаягдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байна

 

Манай улсад жилд 1 сая орчим дугуй, 271 мянга орчим аккумлятор, өдөрт 21 тонн хаягдал тос үүсч гэсэн судалгаа байдаг талаар албаныхан хэлж байна. Автомашинаас гарах хог хаягдал байгал орчинд хамгийн аюултайд тооцогддог. Энэхүү асуудалд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тодорхой зохицуулалт хийж байгаа юм. Энэ талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

Автомашинаас үүсч буй хог хаягдал нь аюултайд тооцогддог. Автотээврийн үндэсний төв энэ талаар ямар нэгэн ажил зохион байгуулж байгаа юу?

-Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо хурдацтай өсөн нэмэгдэж байгаатай холбогдон түүнээс гарч буй аюултай хог хаягдлыг шийдвэрлэх асуудал зайлшгүй тулгараад байна. Манай улсад бүртгэлтэй 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл байдгаас 540 мянга орчим нь замын хөдөлгөөнд идэвхитэй оролцож байна. Тэдгээрээс жилд дунджаар 1 сая орчим дугуй, 271 мянга орчим аккумлятор, өдөрт 21 тонн хаягдал тос үүсч гэсэн судалгаа байна. Тэгэхээр энэ чиглэлээр зайлшгүй арга хэмжээ авах шаардлага урган гарч ирж байна. Манай байгууллага нь 2017 онд “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулан автотээврийн ашиглалтаас үүдэн гарч буй хог хаягдлын талаар олон ажлууд хийхээр төлөвлөн ажиллаж байна. Түүний нэг болох Автотээврийн салбарын хог хаягдлыг бууруулах менежментийг сайжруулах, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, хүний эрүүл мэнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг олон нийтэд таниулах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн тээврийн газар, Хот тохижуулалтын газруудыг оролцуулан төрийн байгууллагууд энэ чиглэлээр хэрхэн уялдаа холбоотой ажиллаж, энэ асуудлыг шийдвэрлэх талаар уулзалт хэлэлцүүлэг хийсэн. Мөн авто үйлчилгээний ангилал тогтоолгосон аж ахуйн нэгж байгууллага, иргэд маань аймаг орон нутгийнхаа хот тохижилтын газруудтай гэрээ байгуулан үзүүлсэн засвар үйлчилгээнээс үүссэн хог хаягдлаа байгальд хаях бус дахин боловсруулах үйлдвэрт хүргүүлдэг байх чиглэлээр бас ажил зохион байгуулж эхлээд байна.

 

Энэ ажил их үр өгөөжтэй ажил байна. Харин автомашинаас гарсан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр манай улсад хэр их байдаг юм болоо?

-Автомашины хаягдал дугуй боловсруулдаг 2, аккумлятор боловсруулдаг 1, ашигласан тос масло боловсруулдаг 2, хөнгөн цагаан хайлш боловсруулдаг 1, хаягдал хуванцар боловсруулдаг 1 үйлдвэр байдаг. Автомашины ашигласан тосоор Евро 4 стандартын дизель түлш, хуучин дугуйгаар хүүхдийн тоглоомын талбайд ашиглагддаг хавтан хийдэг байх жишээний. Сүүлийн 3 жилийн байдлаар 3 сая гаруй тонн ашигласан тосыг боловсруулж 212 сая м2 хөрсийг бохирдлоос хамгаалсан байна. Автомашины хэрэглээнээс гарч буй хог хаягдал нь хөрсний бохирдол үүсгэгч бас нэг эх үүсвэр болж байна.

Тэгэхээр манай улсад автомашины хэрэглээнээс үүдэн гарч буй хог хаягдлыг бүрэн боловсруулж чадаж байгаа гэсэн үг үү?

-Дээрх дурдсан хаягдлын тодорхой хувийг л дахин боловсруулж байгаа. Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо 200 гаруй хоёрдогч түүхий эд авах цэгээр дамжуулан хог хаягдлыг цуглуулж, үйлдвэрүүдрүүгээ татдаг. Манай улсын хэмжээнд 1500 орчим авто засварын газрууд байгаа бөгөөд үүнээс гарч буй хог хаягдал мөн жолооч нар маань өөрийн тээврийн хэрэгслээс гарч буй хог хаягдлаа байгальд бус дахин боловсруулдаг үйлдвэрт нийлүүлснээр байгаль хүрээлэн буй орчин, эрүүл мэндээ хамгаалж байгаа гэсэн үг. Ашиглахдаа байсан энд тэндгүй таарах машины рамыг боловсруулж, бутлах үйлдвэр байхгүй, мөн манай улсад өргөн ашиглагддаг приус авто машины аккумлятор ч 4-5 жилийн дараа нилээдгүй хэмжээнд хүрч, автомашины хэрэглээнээс үүдэн гарах хог хаягдлын асуудал агаарын бохирдлын араас яригдах томоохон асуудал болж байна.


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


117884






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.